СЭЛЭНГЭ: Хүүхэд багачуудын ном унших сонирхлыг дэмжиж, мэдлэгийн хүрээг нь тэллээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн
номын сангаас “Соёл түгээе” уриан дор "Соёлын орон зай-Бидний орчин" бүтээлч
аяны хүрээнд хүүхэд багачуудын унших сонирхлыг дэмжих, мэдлэгийн хүрээг нь
тэлэх зорилгоор танилцах аялал, болон соёлын үйл ажиллагааг зохион
байгуулж байна.
Энэ удаагийн аялалд
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Чулуунцэцэг багштай 2а,
Ч.Оюунтөгс багштай 2б, Б.Байгалмаа багштай 2в ангийн бяцхан сурагчид оролцож,
хүүхдийн
уншлагын танхимаар зочилжээ.
Хүүхдүүд номын сангийн орчин,
үйлчилгээтэй танилцаж, номын сангийн үүрэг, номыг хэрхэн зөв соёлтой унших, уншигчид
номоо хэрхэн ашигладаг талаар мэдлэгтэй болсон байна.
Аялалд оролцсон
хүүхдүүд өөрсдийн сонирхсон дуртай номоо сонгон уншиж, найз нөхөдтэйгээ номын тухай
сэтгэгдлээ хуваалцсан нь ихэд таалагдаж, дахин ирж
үйлчлүүлнэ хэмээн талархлаа илэрхийлжээ.
Харин соёлын үйл
ажиллагаанд Сүхбаатар
сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн А.Ариунтунгалаг багштай 10б
ангийн сурагчид оролцож, номын сангийн уншлага
үйлчилгээтэй танилцаж, анги хамт олноороо номын сангийн карт
нээлгэх, "Ном унших соёл", "Номтой зөв харьцах соёл гэж
юу вэ" сэдвийн хүрээнд мэдээлэл авсан байна.
Сурагчид 15 минутын турш ном унших тайван, урамтай орчинд хамтдаа сууж, уншсан номынхоо талаар номын тэмдэглэл хөтлөх дадлага ажил хийснээр уншихуйн ойлголтыг бүтээлчээр хүртжээ.
Ulaanbaatar