ЗАВХАН: Орос хэлний мэдлэг, чадвараараа тэргүүлсэн сурагчид ОХУ-д үнэ төлбөргүй суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-28 12:57:49

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Русский дом”-ын салбар Завхан аймгийн орос хэлний нэмэлт боловсролын төвийн баруун бүсийн уралдаанд амжилт гаргасан сурагчдыг урамшуулжээ.


Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон “Орос хэлийг хэн сайн мэдэх вэ” баруун бүсийн уралдаанд Завхан аймгийн сурагчид амжилттай оролцжээ. Тэмцээнд оролцоход аймгийн ЗДТГ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.


Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн “Русский дом” төв, Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн дарга Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Улиастай сумын Дэвшил сургуулийн 12б ангийн сурагч Э.Будмаа, 12в ангийн сурагч Н.Наранцэцэг, МУИС-ийн Ахлах сургуулийн 12б ангийн сурагч Н.Энхжаргал, Дэвшил сургуулийн 12а ангийн сурагч Б.Түмэнжаргал, Жавхлант цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Г.Бат-Ундараа нар амжилттай оролцоод иржээ. Тэд орос дуу, шүлгийг хэн сайн уншиж дуулах вэ, “Оюуны довтолгоо” төрөлд багаараа оролцож, баруун бүсдээ тэргүүн байр эзэлжээ.


Эдгээр сурагчдыг бэлтгэсэн Завхан аймгийн орос хэлний нэмэлт боловсролын төвийн багш Л.Оюунцэцэг нарыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч дараагийн тэмцээнд оролцох санхүүжилтийг шийдвэрлэхээ амалж, баяр хүргэн урамшууллаа.


Баруун бүсийн 5 аймгийн 6 багийн 30 гаруй хүүхэд оролцсон уг тэмцээнд амжилт гаргаад ирсэн дээрх сурагчид нь ОХУ-д хүссэн сургуульдаа суралцах эрхээр шагнуулсан байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  


Ташрамд Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэдэх Завхан аймгийн Орос хэлний төвийг орос хэлний багш, Л.Оюунцэцэгийн санаачилгаар байгуулаад 9 жил болж байна. Монгол Улсын хэмжээнд орос хэлний 58 төв байдаг бөгөөд, тус төв нь сүүлийн 9 жил дараалан үйл ажиллагаа, сургалтын чанараараа улсдаа тэргүүлжээ. 2023, 2024 оны Гран при шагналын хамт тус төвд ОХУ-аас иж бүрэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон кабинетыг тохижуулах эрхийг өгсөн юм.


Өдгөө тус төвд 5-17 насны 40 гаруй хүүхэд суралцаж байна. Тус төвийн сонсогч хүүхдүүдээс ОХУ-ын их, дээд сургууль болон цэргийн их дээд сургуульд суралцаж байгаа юм. ОХУ-ын 100 хувийн тэтгэлгээр суралцаж байгаа эдгээр суралцагчид нь баруун бүс болон улсын томоохон тэмцээн уралдаануудад тэргүүлж, бүсийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн суралцагчид юм. Тус төвөөс жил бүр 5-6 суралцагч их, дээд сургуулиа амжилттай дүүргээд ирж байна. 

Орос хэлний багш, Л.Оюунцэцэг болон баруун бүсийн тэмцээнд амжилттай оролцсон сурагчдын төлөөллийг

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч урамшуулжээ.


Связанные новости