ДАРХАН-УУЛ: Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын Эдийн засаг, хөдөлмөрийн хорооны дарга Ким Чэ Гюн тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт хоёр өдөр ажиллалаа. Хамтын ажиллагааг эхлүүлээд арванхоёр дахь жилдээ болж буй хоёр аймгийн тухайд өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, боловсрол, онцгой байдлын салбарт хамтран ажиллаж ирсэн.
Өчигдөр буюу аравдугаар сарын 29-ны өдөр Кёнги аймгийн төлөөлөгчид эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн салбар тэр дундаа түргэн тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч бүрэн тоноглогдсон яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгч байжээ.
2016 оноос хойш Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн зургаан автомашин 150 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Энэ удаа Цэргийн анги, ШШГГ, Өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр нэг, нэг яаралтай тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн салбарынхантай хийсэн уулзалтын үеэр аймгйин ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтулга хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд “Иргэний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний дижитал нэгж”-ийг байгуулахад хамтран ажиллах санал тавьж төслийн мэдээллийг зочдод танилцуулсан юм.
Энэхүү төслийн үр дүнд хялбар хэрэглээтэй, дижитал технологид суурилсан эрт илрүүлэгт хамрагдсанаар халдварт бус өвчний шалтгаант өвчнөөр хожуу оношлогдож, өвчтөний тавилан муудаж, хүндрэл үүсэхээс сэргийлэх боломжтой.
Ингэснээр Улаанбаатар хотыг чиглэсэн өвчлөлийн эрт илрүүлэг, оношилгооны төвлөрлийг багасгаж, орон нутагт шийдвэрлэх боломж нэмэгдэх, хүн амын дундах халдварт бус өвчлөлийн судалгаа, тандалт хийгдэж, өвчний тархалтыг бууруулах бодлого хэрэгжих, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, дундаж наслалт нэмэгдэнэ гэж үзэж байна.

Мөн Дархан-Уул аймгийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү багасах ач холбогдолтой гэж тодотгож байна.
Кёнги аймгийн төлөөлөгчид төслийн танилцуулгыг хүлээн авч, эрүүл мэндийн салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно. Бид яг одоо шууд эхлүүлэх боломжгүй, буцаж очоод бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шаардлагатай төсөв хөрөнгийг судлах талаар зөвлөлдөх хэрэгтэй гэв.

Ulaanbaatar