ДАРХАН-УУЛ: Онцгой байдлын алба хаагчид 147 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-22 18:02:04

Дархан, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ оны эхнээс аравдугаар сарын дунд хүртэлх хугацаанд 147 удаагийн гал түймрийн дуудлагаар гарч ажиллажээ. Ирсэн дуудлага мэдээллийг байршил болон хувиар авч үзвэл Орхон суманд дөрвөн дуудлага, нийт дуудлагын 2.7 хувь, Хонгор суманд гарсан галын есөн  дуудлага нь 6.1 хувь, Шарын гол суманд долоон удаагийн галын дуудлага гарч нийт дуудлагын 4.7 хувийг эзэлж байна.


Харин Дархан суманд дийлэнх буюу гал түймрийн 127 дуудлага гарч, нийт дуудлагын 86.3 хувийг эзэлжээ.


Гал түймэр гарах олон шалтгаан нөхцөл байдаг ч дуудлага мэдээлэл, галын дүгнэлтийн байдлаас харахад гэр хороололд яндангийн цонолт, залгаасыг буруу хийх, цахилгаан хэрэгслийн ашиглалт буруу, хувь хүн санамсар болгоомжгүйгээс үүдэлтэйг ОБГ-ын алба хаагчид онцолж байна.


Хүйтний эрч чангарсан, сурагчдын бие даалтын долоо хоног эхэлсэн энэ үед байнгын галлагаа нэмэгдсэн. Тиймээс аюулгүй байдлаа хангах, эрсдэл гарах нөхцөлийг үүсгэхгүй, цахилгаан хэрэгслийг олноор залгахгүй, дотор болон гадаа цахилгааны монтажийг зориулалтын дагуу хийх хэрэгтэйг зөвлөж байна.


Мөн бага насны хүүхдүүдийн гар хүрэхгүй газар чүдэнз, асаагуураа тавих, гал гарсан тохиолдолд  ОБГ-ын 101 гэсэн дугаарт дуудлага мэдээллийг өгөх зөвлөгөөг сургах, гэр байшиндаа галаа түлсэн тохиолдолд харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Связанные новости