Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-01 16:57:10

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.


Шөнийн тарифын хөнгөлөлтийг 21:00-06:00 цагийн хэрэглээнд үзүүлэх юм. Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхийг хамруулах бөгөөд дараах нөхцөлийг хангасан байхыг албаныхан сануулав. Тухайлбал, цахилгааны үлдэгдэл төлбөргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тариф тоолууртай байх ёстой юм. Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргана.


Ингэхдээ хувь тус бүрийг 150 квт.ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг. Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 81 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгажээ.

Связанные новости