Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
                                                                    Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол, Хятад, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан Дархан-Уул аймагт энэ сарын 7-нд болно.
Энэхүү хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгасантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтарсан санаачилгуудын талаар хэлэлцэх зорилготой ажээ. Мөн 2025 онд хэрэгжсэн хамтын ажиллагааны явц, үр дүнг дүгнэхийн зэрэгцээ хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, газрын боомтуудаар дамжих зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулах, дижитал шилжилт, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах чиглэлээр санал солилцоно.
Гурван орны аялал жуулчлалын
байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан B2B уулзалт, бизнес форумыг зохион
байгуулж, оролцогчид шууд хэлэлцээ, хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломж
бүрдэхийг албаныхан онцоллоо. Түүнчлэн
бүс нутгийн аялал жуулчлалын урсгалыг тогтворжуулах, эдийн засгийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гурван улсын
хамтын ажиллагааны шинэ төсөл болох “Цайны зам” олон улсын авто аяллыг
эхлүүлэхээр төлөвлөжээ. 
        Ulaanbaatar