Чехийн барууны популистууд эвсэл байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-04 15:09:41

ПРАГА, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /AFP/. Чехийн барууны популист гурван намын удирдагчид эрх барих эвсэл байгуулснаа даваа гарагт мэдэгджээ. Ийнхүү эвсэл байгуулсны гол зорилгыг "бие даасан үндэстнүүдийн бат холбоо” бүхий “шинэ Европ”-ыг бий болгох гэж тодорхойлсон байна.


Саяхан болсон парламентын сонгуульд ялсан ANO намын дарга, тэрбумтан Андрей Бабиш Чехийн Ерөнхий сайд болох төлөвтэй байна. А.Бабиш өмнө нь 2017-2021 онд Чехийн Засгийн газрыг удирдаж байсан бөгөөд энэ удаа 2026 оны улсын төсвийг батлуулахын тулд 12 дугаар сарын дунд үеэс өмнө шинэ засгийн газраа бүрдүүлэхээр зорьж буйгаа мэдэгджээ.


ANO намаас гадна энэхүү эвсэлд цагаачлалыг эсэргүүцдэг “Эрх чөлөө ба шууд ардчилал” (SPD) нам, “Автомашин эзэмшигчид өөрсдийнхөө төлөө” нам нэгдсэн байна. Сонгуулийн дүнгээр эдгээр гурван нам нийлээд парламентын доод танхимын 200 суудлын 108-ыг авчээ.


SPD нам Чехийг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмждэг. Тус намын сонгуулийн өмнөх кампанит ажил цагаачлалын эсрэг байр сууринд тулгуурлаж байсан бол “Автомашин эзэмшигчид өөрсдийнхөө төлөө” нам нь дотоод шаталтын хөдөлгүүрийг шат дараатайгаар халах Европын Холбооны төлөвлөгөөг шүүмжилдэг.


“Европын Холбоо гишүүн орнуудын бүрэн эрхт байдлыг зөрчиж буй шийдвэрүүдийг тулган хэрэгжүүлэх эрхгүй” гэж гурван намын мэдэгдэлд онцолжээ.


Барууны популист ANO намын удирдагч Андрей Бабиш Прагаар дамжуулан Украинд зэвсэг нийлүүлэх хөтөлбөрийг зогсооно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Украинд үзүүлэх аливаа тусламжийг Чехийн төсвөөс бүрэн хасахаар төлөвлөж байгаа аж. “Эдгээр хөрөнгө мөнгө манай иргэдэд зориулагдах ёстой” гэж өдгөө 71 настай улстөрч онцолжээ.


Европын Холбооны талаар баримтлах бодлогын хувьд А.Бабиш зөрчилтэй байр суурьтай байгаа хэдий ч Чехийг ЕХ-ноос гаргахын тулд бүх нийтийн санал асуулга зохион байгуулах гэсэн SPD намын байр суурийг дэмжихгүй байна гэж AFP агентлаг мэдээлэв.




Связанные новости