Канадын Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийг өргөжүүлэхэд ач холбогдол өгдгөө тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-04 15:07:11

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Даустыг энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш”, томоохон хөрөнгө оруулагчдын нэг, дотно түнш Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэж, цаашид хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, чингэхдээ худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг зэрэг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр орны аймаг, муж хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн чухлыг онцлов.


Элчин сайд С.Дауст Канад Улсын Гадаад хэргийн сайд А.Анандын мэндчилгээг Гадаад харилцааны сайдад уламжилж, ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол, Канадын түншлэлийг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Канадын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэв.


Б.Батцэцэг сайд Элчин сайд С.Даустын үүрэгт ажилд нь амжилт хүсэж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

 

Связанные новости