Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-05 08:56:53

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлыг хийнэ.


НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна. Зөвлөхийн дүгнэлтээр, Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, ажлын өртөг болон гүйцэтгэлийн онцлогийг харгалзан шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэхэд дэвшилтэт технологийг ашиглах талаар санал болгожээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, гүйцэтгэх ажлын зардлыг хэмнэх, гүйцэтгэхэд хялбар байх зэрэг нөхцөлөөс шалтгаалан Close fit, CIPP /Cured-In-Place Pipe/, Pipe bursting зэрэг технологийг ашиглах санал, зөвлөмж өгсөн байна. Энэхүү CIPP болон Close-Fit нь нөхөн сэргээх технологи юм. Хуучин хоолойг ашиглан дотор нь шинэ бүтэц үүсгэдэг бол, Pipe Bursting нь бүрэн солих технологи аж.


Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл үйл ажиллагааны мастер төлөвлөгөөний хүрээнд хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд, Улаанбаатар хотын 22 байршилд 93.8 км бүхий далан, 16 байршилд 100.7 км суваг, 26.37 км урт шугам барихаар төлөвлөсөн бол дөрвөн байршилд хөв цөөрөм байгуулах юм. Улаанбаатар хотод дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, мөн 58 байршилд 107.6 км үерийн хамгаалалтын суваг байгаа хэдий ч, эдгээр үерийн хамгаалалтын байгууламж нь нийслэлийг их үерийн эрсдэл, аюулаас бүрэн хамгаалах боломжгүй байгаа ажээ. 

Связанные новости