Хиймэл оюуны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-10 15:07:31

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй хиймэл оюунд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулж буй.


Энэхүү ажил нь 2025 онд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн зарим ажлын байранд хиймэл оюуны дэвшлийг ашиглан ажлаа хөнгөвчлөх, шуурхайлах чиглэлд анхаарахыг үүрэг болголоо. Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшил хурдацтай өсөж, хиймэл оюун салбар бүрд их, бага хэмжээгээр нэвтэрч байна. Бид энэ хөгжлөөс хоцрох ёсгүй. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, зарим тохиолдолд орлох боломжтой салбар, ажлын байрт хиймэл оюуныг ашиглах шаардлага үүсэж байна. Ялангуяа бэлэн өгөгдөл дээр ажиллах, тайлан, тооцоо гаргах зэрэг ажлын байрт хиймэл оюун ашиглах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ.


Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалыг бий болгохоор хэлэлцээрийг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Улаанбаатар хот Туулын хурдны зам, тойрог хурдны зам, метро, трамвайны төсөлд хиймэл оюун ухааны их өгөгдөлд суурилсан загварчлалаар инженерингийн төлөвлөлт хийхийг зорьж байгаа юм.

Связанные новости