АРХАНГАЙ: Энэ онд 245 га талбайд 447,603 мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-11 14:43:28

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хавар, намрын мод тарилтыг Урд Тамирын голын эрэг татам дагуу зохион байгуулсан.


Өнгөрсөн жил дээрх газарт 4 га газарт тарьсан бол энэ жил нэмж 4 га газарт мод тарилаа. Урд Тамирын голын татам дагуу бэлтгэсэн 4 га талбайд 4200 ширхэг 3-4 настай улиасны суулгацыг Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг 106 төрийн болон төсөвт аж ахуйн нэгж, байгууллагын 2735 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тариулсан байна.


Аймгийн Байгаль орчны газраас энэ онд тарьсан модны судалгаа мэдээллийг сумдаас авч, нэгтгэсэн байна. Аймгийн хэмжээнд нийтийн ногоон байгууламжийн 30 га талбайд 61103 ширхэг, ойжуулалт, ойн зурвас, байгалийн сэргэн ургалтад туслах ажлаар 215 га талбайд 386500 ширхэг нийт 245 га талбайд 447603 ширхэг модыг тарьц, суулгац, үрээр тарьжээ.

 

Намрын тооллогоор нийт тарьсан модны амьдралтын хувийг 80 хувиар тооцож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгүүлж байна.

 

Энэ жилийн мод тарилтын онцлог ажлуудаас дурдвал, аймгийн Засаг даргын санаачилгаар “Өрх бүр хашаандаа мод таръя” аяныг зохион байгуулж, Эрдэнэбулган сумын 6 багийн 451 өрх 1832 ширхэг навчид модыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, хашаандаа тарьж амьдрах орчноо сайжруулжээ. Үүнд аймгийн ЗДТГ-аас 11,765,500 төгрөгийг шийдвэрлүүлсэн байна.

 

Мөн дахивраа тушааж, суулгац авах боломжийг иргэдэд олгосон нь шинэлэг ажил байлаа. Энэ ажилд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид идэвхтэй оролцож, 200 кг дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг модны суулгацаар худалдан авч, сургуулийн орчимдоо тарьж, ногоон орчин бүрдүүлжээ.


Хаврын мод тарилтаас хойш аймгийн БОГ-аас тарьсан модоо эргэж, арчилж, хамгаалах аяныг өрнүүлж, мод тарьсан ААНБ, иргэдийг байнга уриалж, хуваарийн дагуу усалгааны ажлыг зохион байгуулж ажилласан байна. 

Связанные новости