Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нийт зарлагыг 32 их наяд 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 32.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -1.0 хувьтай тэнцүү байхаар тооцож тусгажээ.
Төсвийн тухай хуульд:
- багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 742.0 мянган төгрөг, 11 дүгээр сарын 01-нээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөг,
- эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөг,
- ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж 145,000.0 сая төгрөг,
- хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөг буюу нийт 969,119.5 сая төгрөгийн зардлыг нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан баталжээ. Тухайлбал, шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь, зам тээврийн салбарын төслүүд, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулсан байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд батлагдлаа.
Ulaanbaatar