Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хороо энэ сарын 12-нд хуралдав.
Эхлээд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын
тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Түр хорооны дарга
О.Батнайрамдал төслийн талаар хуралдаанд танилцуулсан юм. Оюутолгойн бүлэг
ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг
нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх
үүрэг бүхий хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх
сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар төсөлд тусгажээ.
Тодруулбал, ирэх сарын 8-нд Жавхлант, Шивээ толгой
ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон
болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох
холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол явуулах бол энэ
сарын 10, 12-нд “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт
оруулж дахин тодотгосон, түүний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын
зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
холбогдох үр дагаврын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй
сонсгол явуулахаар төсөлд тусгажээ.
Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт
асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад
хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар дэмжин баталсан юм. Хянан
шалгах түр хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Нотлох баримтыг шинжлэн судлах
сонсголын дараалал тогтоох тухай”, “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай”
тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн
удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга,
мэдээллийг сонсохоор товлосон байсан ч тодорхой шалтгаан тайлбаргүйгээр хуралдаанд ирээгүй болохыг Түр хорооны дарга хэлээд, парламентад дуудсан бол ирэх
ёстой гэдгийг тэмдэглээд дараагийн хуралдаанаар танилцуулгыг сонсохоор
хойшлууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Связанные новости
Ulaanbaatar