“Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-11-13 11:36:31

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. Японы “Toyota Motor” компани ирэх таван жилийн хугацаанд АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэх шахалтыг дэлхийн авто машин үйлдвэрлэгчдэд үзүүлж буй үед ийм алхам хийж байна. 


“Toyota Motor North America” компанийн гүйцэтгэх захирал Огава Тэцүо лхагва гарагт Хойд Каролина муж улсын Либерти хотод цэнэг хураагуурын шинэ үйлдвэрийг нээх үеэр дээрх мэдэгдлийг хийжээ. Уг үйлдвэрт цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулсан лити-ион цэнэг хураагуур үйлдвэрлэнэ. Тэрбээр үүнийг компанийн түүхэн дэх “чухал мөч” хэмээн тодорхойлжээ.


О.Тэцүо хэлэхдээ, энэхүү хөрөнгө оруулалт нь АНУ даяар илүү тогтвортой, өндөр чанартай ажлын байр бий болгож, авто машинуудыг борлуулдаг газартаа үйлдвэрлэх зорилго бүхий бидний урт хугацааны үүрэг амлалтыг илэрхийлэх болно гэлээ. Мөн уг үйл ажиллагаанд оролцсон АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи энэхүү мэдээг сайшааж, “зөвхөн “Toyota” төдийгүй бусад компаниуд Ерөнхийлөгч Трампын уриалгыг хүлээн авсанд баяртай байна” хэмээн хэлжээ.


Гэхдээ Японы авто машин үйлдвэрлэгч компани хөрөнгө оруулалтын цар хүрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Д.Трампын саяхан Японд хийсэн айлчлалын дараа энэхүү хөрөнгө оруулалтыг зарлаж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр хэлэхдээ, “Toyota” компани АНУ даяар “10 тэрбум гаруй долларын” авто машины үйлдвэрүүд барина гэж мэдэгдсэн юм. 


Связанные новости