“Tesla”-гийн Хятад дахь борлуулалт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-11-11 16:42:57

БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /Reuters/. АНУ-ын цахилгаан авто машин үйлдвэрлэгч “Tesla” компанийн Хятад дахь борлуулалт 10 дугаар сард 26 006 болж буурсан нь сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт боллоо.  


Ингэснээр борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.8 хувиар буурсан байна. “Tesla” компани зөвхөн Хятадад худалдаалж буй “Model Y SUV” загварынхаа зургаан хүний суудалтай хувилбар болох “Model Y L”-ийг нийлүүлж эхэлсэн есдүгээр сард 71 525 тээврийн хэрэгсэл борлуулж байв.


Харин Хятадад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийн экспорт өнгөрсөн сард хоёр жилийн дээд үзүүлэлтэд буюу 35 491-д хүрснийг Зорчигч тээврийн хэрэгслийн холбооноос даваа гарагт танилцуулсан мэдээлэл харуулжээ. Тэгвэл “Tesla” компанийн Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлд эзлэх хувь 10 дугаар сард ердөө 3.2 хувь болсон нь өмнөх сарынхаас /8.7 хувь/ огцом буурч, сүүлийн гурван жил гаруйн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн байна.


“Tesla”-гийн дэлхийн хамгийн том авто машины зах зээл дэх тааруу үзүүлэлт нь Герман, Испани, Нидерланд, Скандинавын орнууд зэрэг Европын орнуудад өнгөрсөн сард борлуулалт муу байсны дараа ажиглагджээ. Энэ нь тус компани Европт ч мөн асуудалтай тулгарсаар байгааг харууллаа.


Тус компани гуравдугаар улиралд АНУ-ын араас хоёрдугаарт ордог Хятадын зах зээлд улам ширүүн өрсөлдөөнтэй тулгарчээ. Тухайлбал, өрсөлдөгч “Xiaomi” компани “SU7”, “YU7” загваруудаа өнгөрсөн сард 48 654-ийг борлуулж, дээд амжилт тогтоожээ.


Хятадын авто машины нийт борлуулалт 10 дугаар сард буурсанд засгийн газрын татаас, татварын хөнгөлөлт хумигдсанаас үүдэн хэрэглэгчдийн сэтгэл ханамж суларсан нь нөлөөлсөн байна.

 


Связанные новости