Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-13 14:44:33

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд явуулж байна.


Ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх эл тооллогод иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа бүртгэлтэй галт зэвсгээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлж, хууль ёсны эзэмшигч гэдгээ баталгаажуулах шаардлагатай юм. Мөн бүртгэлгүй, эх сурвалж нь тодорхойгүй галт зэвсгээ бүртгэлжүүлбэл торгохгүй гэдгийг албаныхан мэдээлэв. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 50703 ширхэг галт зэвсэг бүртгэлтэй байснаас 94 хувийг буюу 47781-ийг нь тооллогод хамруулжээ. Үүнээс орон нутагт 32559, нийслэлд 15222 галт зэвсэг байна.


Заасан хугацаанд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслээ бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.


Связанные новости