Азийн хөгжлийн банк Үндэсний аудитын газрын дижитал шилжилтийн бодлогыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-13 17:28:01

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирал Рут Фаррант тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, хатагтай Рут Фаррантад хандан Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын чадавхыг сайжруулах болон аудитын үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлэв. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Монгол Улсад 29 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд хатагтай Рут Фаррант Үндэсний аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит хийх төсөл, хөтөлбөрийн тоог нэмэх хүсэлтэй байна гэлээ.


Рут Фаррант ярихдаа, “Техникийн туслалцааны хүрээнд “Ази, Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх” хөтөлбөрийг Төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлж байгаа. Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитыг бэхжүүлэх, гүйцэтгэлийн аудитын арга зүйг нэвтрүүлэх, энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг нь дээшлүүлэхээр хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагаанууд нь бусад улс оронд ч жишиг болохуйц хэрэгжиж байна” гэв.


Үүнээс гадна Төрийн аудитын байгууллагын чадавхыг шинэ шатанд гаргахаар хэрэгжүүлж буй дижитал шилжилтийн бодлогууд нь Азийн хөгжлийн банкны баримтлах тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгааг байгааг онцлоод технологийн дэвшлийг нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийг ТАБ-д хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргуулахад тус банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирлын хувиар манлайлж ажиллахаа дурджээ. Уулзалтад Үндэсний аудитын газрын удирдлагууд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцлоо. 






Связанные новости