"Найдаг” уулын хятан бичгийн 10 орчим бичээсийг судалгааны эргэлтэд оруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-13 17:46:09

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг энэ онд Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн “Найдаг” ууланд хятан бичгийн хадны шинэ бичээс илрүүлсэн тухай өнөөдөр мэдээллээ.

 

Тус төслийн хүрээнд Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас олдсон “Найдаг” уулын дурсгалт газар бол дахин давтагдашгүй, онцгой ач холбогдол бүхий археологийн дурсгал юм. Энэ дурсгал анх бүтэн байжээ. Харин хожим газар хөдлөлт болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр нэлээд нурж эвдэрчээ. Одоогоор нурж үлдээгүй хэсгээс 10 орчим бичээсийг илрүүлэн судалгааны эргэлтэд оруулаад байна. Агуйн гүн хэсгийн нуранга дор шинэ бичгийн дурсгал нуугдаж байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.


Энэ тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Л.Эрдэнэболд "Хятан бичгийн дурсгалууд Монголд тун ховор. Өмнө нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүлээний овоо, Хэнтий аймгийн Мөрөн сумын Салбар уул зэрэг газраас тус тус олдож байсан ч их ба бага бичгийн дурсгалууд нэг дор илэрсэн тохиолдол байгаагүй. Харин энэ нь Хятан улсын түүх, соёл, төрийн байгууллын олон асуудлыг тодруулахад чухал түлхэц болох судалгааны шинэ олдвор” гэдгийг онцлов. Мөн тэрбээр, "Нүүдэлчдийн түүхэнд өөрсдийн ирж очсон, оршин байсан тухайгаа бичиг үсгээр хадгалж үлдээх уламжлал байсан. Үүний тод жишээ нь Рашаан хад, Тайхар чулуу зэрэгт хадгалагдан үлдсэн руни, монгол бичгийн дурсгал юм. “Найдаг” уулын дурсгал эдгээрийн нэгэн адил, өвөрмөц дурсгалд тооцогдож байна. Энэхүү дурсгалын гол онцлог нь VIII-IX зууны үед Монголын өндөрлөгт хүчирхэг эзэнт гүрнээ байгуулж байсан уйгарчуудын бичиг үсгийн дурсгал, мөн хятанчуудын их ба бага бичгийн дурсгалууд нэг дор илэрсэн явдал юм. Үүн дээрээс нь хятад ханз үсгийн бичээсүүд ч хамт оршиж байгаа нь Монгол болон дэлхий дахины хувьд урьд өмнө байгаагүй, дахин давтагдашгүй тохиолдол юм" гэв. 


“Найдаг” уулын орчим нь Хятан улсын эзэнт гүрний баруун хойд хязгаарын захиргааны чухал төв байжээ. Тэнд 10 орчим цэргийн бэхлэлттэй суурин, мөн гар урлал, тариалангийн аж ахуй эрхэлдэг 10 гаруй дагуул суурин байсныг илрүүлжээ. Эдгээр суурин, бичээсийн хамтын судалгаа нь хятанчуудын соёл, амьдралын хэв маяг, түүхийн талаарх олон шинэ баримтыг гаргаж ирэх боломжтой.


Монгол Улсад хятан бичиг судалдаг мэргэжлийн эрдэмтэн цөөн, дэлхийд  хуруу дарам тоотой байдаг. Тиймээс энэхүү судалгааг Японы хятан бичгийн мэргэжилтнүүдтэй хамтран гүнзгийрүүлэн хийж байгаа аж. Урьдчилсан байдлаар илэрсэн нэг бичээс 1080-1094 оны орчимд бичигдсэн. Тухайн үеийн Хятан улсын төрийн албанд зүтгэж байсан монгол гаралтай түшмэлийн нэр дурдагдсан байна. Цаашдын судалгаагаар энэ хүн хэн байсан, ямар албан тушаал эрхэлж, ямар зорилгоор Монгол нутагт ирж бичээс үлдээсэн зэрэг сонирхолтой баримтууд илүү тодорхой болох магадлалтай байна.


"Найдаг” ууланд хятан бичгийн хадны шинэ бичээс нь зөвхөн нэгэн бичээсийн олдвор бус, харин Хятан улсын түүх, Монголын нутаг дахь нөлөөлөл, соёлын солилцоог шинээр тайлж тодруулах түүхийн томоохон ач холбогдолтой судалгаа юм.





Связанные новости