ДОРНОГОВЬ: Найман аймгийн 15 сумаас бог мал худалдан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-13 15:42:40

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Замын-Үүд суманд амьд мал экспортлох үйл ажиллагаа явуулдаг “Бийт Монгол” ХХК энэ оны аравдугаар сарын 17-ны байдлаар Улаанбаатар хот болон Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл зэрэг найман аймгийн 15 сумаас мал худалдан авчээ.


Тодруулбал, 16356 толгой ямаа, 3160 толгой хонь нийт 19516 толгой малыг мал эмнэлгийн цахим гэрчилгээгээр үүсгэн, мал экспортлох хорио цээрийн бүсэд хүлээн авч, экспортлох бэлтгэлийг хангаж байгаа талаар аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээлэлд дурджээ.


Мөн Айраг, Даланжаргалан, Сайншанд, Замын-Үүд, Дэлгэрэх, Иххэт, Сайхандулаан сумын иргэд, малчид Улаанбаатар хотын “Налайх”, “Хүчит шонхор”, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хаан хүнс импекс” мах боловсруулах үйлдвэр, Хэнтий аймгийн мал нядалгааны цэг болон аймгийн малчид Сайншанд болон Улаанбаатар хот, Налайх дүүргийн “21 аймгийн малчид гар дээрээ бэлдсэн махаа өөрөө худалдах цэг”-т малаа борлуулж байгаа юм.


Аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээллээс үзэхэд 2025-2026 онд нийт сүргийн 17.7 хувь, хонин толгойд шилжүүлснээр нийт 451829 толгой мал буюу нийт 9.4 мянган тонн махыг хүнсэнд хэрэгцээлэх болон зах зээлд борлуулах урьдчилсан тооцоог гаргажээ.


Харин аравдугааар сарын байдлаар 11 сумын 22 мах бэлтгэн нийлүүлэгч малчидтай хамтран мал, махыг эргэлтэд оруулан малчдаас 816,5 тонн мах, 7.8 тонн дайвар бүтээгдэхүүн, 28765 толгой малыг зах зээлд борлуулаад байна.

Связанные новости