Дүүжин тээврийн төсөлд Нийслэлийн онцгой байдлын газрынхан хамтарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-14 14:54:10

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.


Яармагаас Хархорины “Өнөр” хороолол чиглэлд барьж буй энэхүү төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7.5-46 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байхаар төлөвлөсөн байдаг. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэнэ. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч “Пома групп”-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг франц инженерүүд ахлан гүйцэтгэж байна.


Тэгвэл төслийн бүтээн байгуулалтын үе шатуудад Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн аврах 105 дугаар анги хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, зөвлөмж өгч байгаа аж. Өөрөөр хэлбэл, тулгуур баганын суурь суулгах, ган татлага татах, өргөлт угсралтын ажиллагаа зэрэг өндөр эрсдэлтэй ажлын үеэр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг НОБГ-аас байнгын горимоор хэрэгжүүлж, хамтарсан үнэлгээ хийж байгааг албаныхан онцоллоо.


Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа гурван сарын хугацаанд системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажил гүйцэтгэнэ. Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийх аж. Нэг кабинд 10 зорчигч багтах хүчин чадалтай бөгөөд туршилтын үр дүнгээр системийн найдвартай ажиллагаа, цахилгаан, механик, хяналтын дэд системүүдийн уялдааг бүрэн шалгах юм.


Системийг цахилгаан тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах автомат нөөц генератороор тоногложээ. Энэхүү цахилгаан хангамжийн давхар хамгаалалт нь зорчигчдыг буулгах горимыг аюулгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд аливаа саатал, хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Дүүжин замын тээврийн ашиглалт, засвар үйлчилгээ, системийн хяналтыг “Улаанбаатар кабель кар” компани хариуцах юм.

Связанные новости