Ноолууран бүтээгдэхүүнээ 10 орчим улсад экспортолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-14 15:49:56

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Эвсэг” ХХК тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж, “Цагаан алт” хөтөлбөрийн дэмжлэгээр ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийн 10 орчим улсад экспортолж байна.


Тус компани жилд 500 тн түүхий ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тн ноолуур ээрч, 500 мянган ширхэг сүлжин, 150 мянган метр нэхмэл, тус бүр 15 мянган ширхэг ширмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 800 гаруй ажилтан нь компанийнхаа 65 хувийн хувьцааг эзэмшдэг нь хамтын зорилго, хариуцлага, урт хугацааны үнэнч байдлын илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах үеэр "Эвсэг” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үеэр компанийн удирдлага танилцуулжээ. 



Хөтөлбөрийн хүрээнд энэ онд ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг 54 аж ахуйн нэгж 245 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авчээ. Үүний дүнд үйлдвэрүүдийн ээрэх хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2000 гаруй тн болжээ. 


“Кашмер холдинг” ХХК “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд арилжааны банкнаас хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Үүгээрээ ээрэх, ороох, хялгас ялган задлах шугамаа шинэчилж, үйлдвэрээ өргөтгөн, дотоодоосоо ноолуур худалдан авахаа эрчимжүүлсэн байна.


Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрөөр дамжуулан Засгийн газраас зээлийн хүүний дэмжлэг үзүүлсний дүнд түүхий эд татан авахаа ихэсгэж, үйлдвэрээ шинэчлэн, ноолуур боловсруулалт, үйлдвэрлэлээ нэмжээ. Ингэснээр АНУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Англи, Итали, Япон улсад ноос бүтээгдэхүүнээ экспортолж, улсын валютын орлогод хувь нэмрээ оруулж байгаа юм. 

 


“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрчээ. Манай улс 2023 онд 440 сая ам.долларын үнэ бүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ. 

Связанные новости