МИАТ компанийн төлөөлөгч Б.Энхбат Сөүл хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2025-11-27 09:00:33

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгч Б.Энхбат Сөүл хотын “Хүндэт иргэн” хэмээх нэр хүндтэй цол хүртжээ.


Хоёр улсын аялал жуулчлал, агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр хотын иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлж, тус өргөмжлөлийг гардуулсан байна.


Сөүл хотын захиргааны мэдээлснээр, Б.Энхбат төлөөлөгч олон жилийн турш Монгол Улс-БНСУ-ын хоорондын агаарын тээврийн тогтвортой ажиллагааг хангах, зорчигчдын үйлчилгээний чанарыг сайжруулах, хоёр орны иргэдийн харилцан аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр идэвхтэй, үр бүтээлтэй ажиллажээ.


Өргөмжлөл гардуулах ёслолын үеэр тэрбээр, "Энэ нэр хүндтэй шагнал нь зөвхөн миний бус МИАТ компанийн хамт олны ажиллах эрмэлзэл, хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл юм. Цаашид Монгол, Солонгосын ард иргэдийн аялал, хамтын ажиллагааны олон салбарт илүү их хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно” хэмээсэн байна.


Ийнхүү МИАТ компанийн төлөөлөгчийн өргөмжлөгдсөн "Хүндэт иргэн" цол нь Монгол Улсыг сурталчлах, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байгаагийн нэгэн тод илэрхийлэл боллоо.



Связанные новости