Кюрасаогийн шигшээ баг ДАШТ-ий эрхээ авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /ТАСС/. Кюрасао хэмээх арлын улсын хөлбөмбөгчид лхагва гарагт шилжих шөнө Ямайкийн шигшээ багтай талбайд нь тоглож, 0:0 харьцаагаар тэнцсэнээр 2026 онд болох ДАШТ-д оролцох эрхээ авч, шуугиан тарилаа.
Ингэснээр Кюрасаогийн шигшээ баг 12
оноотой болж, В хэсгийг
тэргүүлсэн бол хоёрдугаарт Ямайкийн баг /11 оноо/, гуравдугаарт Тринидад ба Тобаго
улсын шигшээ баг /9 оноо/ бичигдэж, сүүлчийн байранд Бермудын арлуудын баг оржээ.
Кюрасаогийн шигшээ багийн дасгалжуулагчаар Нидерландын иргэн, 78 настай Дик Адвокат 2024 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж байгаа юм. Өмнө нь тэрбээр Оросын “Зенит” баг /2006-2009 он/, Оросын шигшээ багийг /2010-2012 он/ удирдаж байв. Түүний удирдлага дор “Зенит” баг ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн, УЕФА-гийн цомын ба Супер цомын тэмцээнүүдэд /2008 он/ түрүүлсэн юм.

Мөн тэрбээр Нидерланд, Бельги, Серб, Өмнөд Солонгос, Иракийн шигшээ багууд, түүнчлэн Нидерландын ПСВ, АЗ, "Утрехт", "Фейенорд" багууд, Туркийн "Фенербахче" багийг дасгалжуулж байжээ.
Өмнө нь ДАШТ-2026-д оролцох болзлыг Мексик, АНУ, Канад, Япон, Иран, Өмнөд Солонгос, Иордан, Австрали, Узбекистан, Шинэ Зеланд, Аргентин, Эквадор, Бразил, Колумб, Уругвай, Парагвай, Марокко, Тунис, Египет, Алжир, Гана, Кабо-Верде, ӨАБНУ, Катар, Англи, Саудын Араб, Сенегал, Кот-д'Ивуар, Франц, Хорват, Португал, Норвег, Герман, Нидерланд, Испани, Бельги, Австри, Швейцар, Шотланд гэсэн 39 улсын багууд хангаад байсан бол арлын улсын хөлбөмбөгчид нэмэгдсэнээр 40 боллоо.
Ийнхүү 150 мянган хүн амтай Кюрасао нь
ДАШТ-д оролцох хамгийн цөөн хүн амтай улс болж түүхэнд бичигдэж байна. Өмнө нь
2018 онд 400 мянган хүн амтай Исланд улсын шигшээ баг тус тэмцээнд оролцож
байжээ.
Связанные новости
Ulaanbaatar