Шин Мина, Ким Ү Бин нар гэрлэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Yonhap/. Өмнөд Солонгосын жүжигчин Шин Мина, Ким Ү Бин нар арван жил үерхсэний эцэст ирэх сард гэрлэх гэж байгаа тухай Шин Минагийн агентлаг болон Ким Ү Бин нар өнөөдөр мэдэгджээ.
“AM Entertainment”-ийн мэдээлснээр, хос хоёр ирэх 12 дугаар сарын 20-нд Сөүлд гэр бүл, дотны найз нараа урин цомхон хуримын ёслол хийнэ. Ким Ү Бин мөн шүтэн бишрэгчдийнхээ форум дээр нийтэлсэн гараар бичсэн захидалдаа энэ мэдээг баталжээ. “Тийм ээ, би гэрлэх гэж байгаа. Миний бие удаан хугацааны турш хамт байсан хүнтэйгээ гэр бүл зохиож, хамтдаа аяллаа үргэлжлүүлэх болно” хэмээн тэрбээр бичээд, амьдралынхаа нэгэн шинэ үеийг эхлүүлж буй энэ үед тусалж дэмжихийг фенүүдээсээ хүсжээ.
Шин Минагийн агентлаг мөн “халуун дулаан мэндчилгээ, ерөөл илгээхийг” шүтэн бишрэгчдээс хүссэн байна. Хос хоёр 2014 онд сурталчилгааны зураг авалтын үеэр танилцаж, дараа жилээс нь болзож эхэлжээ. Өдгөө 41 настай Шин Мина 1998 онд загвар өмсөгчийн гараагаа эхлүүлснээсээ хойш кино, телевизийн салбарт жүжигчний замналаа амжилттай үргэлжлүүлж байгаа юм. Хамгийн сүүлд тэрбээр “Netflix”-ийн нууцлаг триллер жанрын “Karma” цувралд тогложээ.
Харин Ким Ү Биний хувьд 2008 онд загвар өмсөгчийн замналаа эхлүүлж, түүнээс хойш олон тооны шоу, кинонд тоглосон байна. 2017 онд хамар
нармайн хорт хавдартай гэж оношлогдсоны дараа тэрбээр эрүүл мэнддээ анхаарлаа
хандуулахын тулд түр завсарлага авч байв. Улмаар 2022 онд “Alienoid” шинжлэх
ухааны уран зөгнөлт кинонд тоглосноор дэлгэцнээ эргэн иржээ. 36 настай түүний гол дүрд нь тоглосон “Netflix”-ийн “Genie, Make a Wish” цуврал 10 дугаар сард үзэгчдийн хүртээл
болсон юм.
Связанные новости
Ulaanbaatar