G20-ийн дээд түвшний уулзалт үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-23 12:32:37

ЙОХАННЕСБУРГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 23 /Anadolu/. “Хорийн бүлэг”-ийн /G20/ орнуудын удирдагчдын дээд түвшний уулзалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Йоханнесбург хотноо бямба гарагт буюу өчигдөр эхэлжээ. 


Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтыг ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса даргалан явуулж байгаа бөгөөд "Эв санааны нэгдэл, тэгш байдал, тогтвортой хөгжил" уриан дор болж байна. 


Дэлхийн үйлдвэрлэл (85 хувь), худалдааны (75 хувь) ихээхэн хувийг эзэлдэг, мөн дэлхийн хүн амын гуравны хоёрыг бүрдүүлдэг G20-ийн орнуудын удирдагчид дэлхийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлох шинэчлэлийн асуудлаарх гурван хэлэлцүүлэг бүхий уулзалт хийж байна.


Эхний хэлэлцүүлгээр дэлхийн санхүү, эдийн засгийн системийг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, протекционизмыг хязгаарлах, тогтвортой өсөлтөд шилжих арга замуудыг хэлэлцсэн бол хоёрдугаар хэсэгт гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний шилжилтийг шударга хийх, хүнсний тогтолцоог бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Хоёрдугаар хэсгийн дараа удирдагчид оройн зоогийн үеэр санал бодлоо солилцсон байна.


Гурав дахь хэсэгт дэлхийн эдийн засагт чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын олборлолт, худалдаа, хиймэл оюунтай холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ.


Африк тивд анх удаа зохион байгуулж буй энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Африкийн Холбоо байнгын гишүүний хувиар оролцож байгаагаараа онцлогтой. Уулзалтад Африкийн Холбоог комиссын дарга Махмуд Али Юсуф төлөөлж байна.


G20 бол 19 улс, хоёр бүс нутгийн нэгдлээс (Европын Холбоо ба Африкийн Холбоо) бүрддэг форум юм. G20-д Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик, Орос, Саудын Араб, АНУ, Турк, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Япон, Европын Холбоо, Африкийн Холбоо багтдаг.


Энэ удаагийн уулзалтад Египет, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Нигери, Вьетнам зэрэг орнуудын удирдагчид урилгаар оролцож байна.


Йоханнесбургийн уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Германы Канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Японы Ерөнхий сайд Такичи Санаэ, Канадын Ерөнхий сайд Марк Карни, Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе, Европын Зөвлөлийн дарга Антонио Кошта, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар оролцож байна.


БНХАУ-ыг төлөөлж Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ыг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Максим Орёшкин нар оролцож байгаа бол Аргентин, Мексик улсуудыг Гадаад харилцааны сайд нар төлөөлж байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ӨАБНУ-д цагаан арьст цөөнхийг “арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байна” гэх шалтгаанаар дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзсан юм. Йоханнесбургт АНУ-ыг Преториа дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Марк Д.Диллард тэргүүтэй төлөөлөгчид төлөөлөн оролцож байна. 


Уулзалтын үеэр G20-ийг даргалах эрхийг ӨАБНУ-аас АНУ-д шилжүүлэх ёслол болно.




Связанные новости