G20-ийн удирдагчид маргааныг тайван замаар шийдвэрлэх үүрэг хүлээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-24 11:20:41

ЙОХАННЕСБУРГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /NHK/. "Хорийн бүлэг" -ийн /G20/ орнуудын удирдагчид энэ оны дээд түвшний уулзалтын үеэр газар нутгийг эзлэн авах зорилгоор хүч хэрэглэхгүй байх, маргааныг тайван замаар шийдвэрлэхийг уриалсан тунхаглал гаргажээ.


Хоёр өдөр үргэлжилсэн уулзалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотод бямба гарагт эхэлсэн бөгөөд уулзалтын гол сэдэв нь эв санааны нэгдэл, тэгш байдал, тогтвортой хөгжил байв.


Дээд хэмжээний уулзалтыг даргалагч, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса хэлэхдээ, энэ удаагийн уулзалт “G20-ийн бүрэн бүтэн байдал, нэр хүндийг сулруулахгүй байх хариуцлагыг хүлээж байна” гэжээ.


Тунхаглалд маргааныг тайван замаар шийдвэрлэхийн төлөө байгаагаа, олон улсын хууль эрх зүй, НҮБ-ын Дүрмийн дагуу ажиллана гэдгээ дахин мэдэгдсэн байна. Мөн бүх улс орон бусдын эзэмшлийн газар нутгийг булаан эзлэх зорилгоор хүч хэрэглэхээс зайлсхийх ёстой гэж онцолжээ.


Энэхүү мэдэгдэл нь дэлхийн зарим хэсэгт, тэр дундаа Украинд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй үед гарч байна. 


Энэ удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсонгүй. ӨАБНУ бол Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон бөгөөд тус шүүхээс В.Путинийг цэргийн гэмт хэрэгт буруутган баривчлах зөвшөөрөл олгоод байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн уулзалтад оролцоогүй. ӨАБНУ-д цагаан арьст цөөнхийг “хяхан хавчиж байна” гэх шалтгаанаар уулзалтад оролцохоос татгалзжээ.


Одоо асуудлын гол нь энэхүү тунхаглалыг хэрхэн бодитой хэрэгжүүлэх вэ гэдэгт оршиж байна.

Связанные новости