Дифлимп: Японы багийн анхны алтыг Ямада хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-20 13:03:01

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /Kyodo/. Маки Ямада лхагва гарагт эрэгтэйчүүдийн 400 м-ийн гүйлтийн төрөлд түрүүлснээр Токиогийн Дифлимпын наадмаас Японы багийн анхны алтан медалийг хүртлээ. 


“Миний гаргасан хичээл зүтгэл үр дүнгээ өглөө. Би өмнө нь хэзээ ч гүйж байгаагүйгээрээ гүйсэн... Мөн миний бие хувийн дээд амжилтаа шинэчиллээ (47.61 секунд)” гэж 28 настай тамирчин “Комазава” Олимпын цогцолборын хөнгөн атлетикийн талбайд болсон уралдааны дараа хэлжээ.


М.Ямада уралдааны ихэнх хугацаанд тэргүүлж байсан боловч барианд ойртох мөчид Польшийн улаан өнгийн бэлтгэлийн хувцастай тамирчин Оскар Голебиовски өөрт нь дөхөн ирж байгааг харсан нь сүүлийн 50-60 м-ийн зайд өөрийн хүч чадлынхаа 150 хувийг зарцуулах урам зоригийг өгсөн байна.


М.Ямада хамгийн сүүлд Туркийн Самсун хотод 2017 онд болсон Дифлимпын наадмын 200 м болон 4x100 м-ийн буухиа төрөлд алтан медаль, 400 м-ийн төрөлд мөнгөн медаль хүртэж байв. “Найман жилийн дараа анх удаа медаль хүртэх нь үнэхээр сайхан санагдаж байна” гэж тэрбээр хэлжээ.  


Япон аав, британи ээжийн гэр бүлд төрсөн М.Ямада Токио хотын сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан Чуо ахлах сургуульд суралцаж байхдаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлжээ. Мөн жүжигчнээр ажилладаг Ямада наадмын сурталчилгааны хуудсуудад гарснаар хүмүүс өөрт нь ихээхэн найдлага тавьж байгааг мэдэрсэн гэнэ.


М.Ямада одоо баасан гарагт болох гол уралдаанд анхаарлаа хандуулж байгаагаа хэлжээ. “400 м-ээс илүүтэй 200 м бол миний зорилго юм” гэж тэрбээр онцоллоо.

 


Связанные новости