Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д нэмэлт орууллаа.
Ингэснээр нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгох юм. Тус журамд зааснаар, төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан.
Төрийн албан хаагч дээрх хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадаагүй нас барсан тохиолдолд тусламжийг түүний ар гэрт олгох асуудал зохицуулалтгүй байжээ. Төрийн албан хаагч нас барсан бол түүнд олгох байсан нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний хууль ёсны өвлөгч Иргэний хуульд зааснаар өвлөх эрхтэй.
Иймд хуульд заасан шаардлага, хугацааг бүрэн хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нас барсан бол түүний хууль ёсны өвлөгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор тогтов.
Ulaanbaatar