Цагаан ордны ойролцоо Үндэсний гвардын цэргүүд рүү гал нээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /AP/. АНУ-ын нийслэлд байрлуулаад байсан Баруун Виржиниагийн Үндэсний гвардын хоёр албан хаагч лхагва гарагт Цагаан ордны ойролцоо зэвсэгт этгээдийн халдлагад өртжээ. Хотын дарга үүнийг урьдчилан төлөвлөсөн халдлага гэж тодорхойлсон байна.
Холбооны мөрдөх товчооны тэргүүн Каш Патель болон Вашингтон хотын дарга Мюриел Баузер нарын мэдэгдсэнээр, цэргүүд хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ. АНУ-ын нийслэл болон бусад хотод цэргүүдийг байрлуулаад байгаа нь олон сарын турш хурц асуудал болоод байгаа үед Үндэсний гвардын гишүүд рүү гал нээсэн хэрэг гарч байна. Цэргүүдийг байрлуулсан нь шүүхийн маргаан, мөн Трампын засаг захиргаа гэмт хэрэг хяналтаас гарсан гэх үндэслэлээр цэргийн хүчийг ашиглаж байгаатай холбоотой бодлогын мэтгэлцээн өрнөхөд хүргээд байгаа юм.
Вашингтон хотын Цагдаагийн газрын даргын туслах Жеффри Карроллын хэлснээр, мөрдөгчид халдлагын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Зэвсэгт этгээд “булан тойрч гарч ирээд” цэргүүд рүү шууд буудаж эхэлсэн гэж тэрбээр дүрс бичлэгийг эш татан мэдээлжээ. “Энэ бол урьдчилан төлөвлөсөн халдлага байсан” гэж М.Баузер хэлсэн байна. Хууль сахиулах байгууллагын хоёр ажилтан болон энэ талаар мэдээлэл бүхий нэгэн хүний хэлснээр, сэжигтэн 2021 оны есдүгээр сард АНУ-д ирсэн, Вашингтон муж улсад амьдарч байсан Афганистаны иргэн гэж үзэж байгаа ажээ.
Баруун Виржиниа муж улсын захирагч Патрик Морриси эхэндээ
цэргүүдийг нас барсан гэж мэдэгдсэн боловч дараа нь "тэдний биеийн
байдлын талаар зөрүүтэй мэдээлэл хүлээн авсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Саатуулагдсан
сэжигтэн мөн буудуулсан бөгөөд аминд халтай шарх аваагүй гэж хууль сахиулах
байгууллагын ажилтан нэрээ нууцлах нөхцөлтэйгээр АР агентлагт мэдээлжээ.
Хэрэг гарсны дараа Трампын засаг захиргаа Вашингтон руу Үндэсний гвардын 500 цэргийг нэмж илгээхийг тушаасан байна. Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Трамп нэмэлт цэргүүдийг илгээхийг түүнээс хүсжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус хотод одоогоор 2200 орчим цэрэг байрлаж байна.
Ulaanbaatar