“Монголын өдөр” хөрөнгө оруулалтын форум шинэ боломжуудыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-27 17:29:25

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол, Японы Зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлгийн хүрээнд “Монголын өдөр хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулж, шинэ боломжуудыг онцолсныг Эдийн засаг хөгжлийн яам мэдээллээ.


Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Японы хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай шинэ боломжийг бүрдүүлэхээр форумыг зохион байгуулжээ. Үүнд Монгол Улсын төр, хувийн хэвшлийнхэн, Японы хөрөнгө оруулагч, бизнесийн салбарын мэргэжилтнүүд оролцож, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, санхүүгийн зах зээлийн боломжийн тухай санал солилцов.


Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг энэ үеэр Монгол, Японы эдийн засгийн харилцааны стратегийн ач холбогдлыг онцолж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад идэвхтэй оролцохыг уриалсан бол Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц салбарын эрх зүйн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодотголоо. 


Мөн МҮХАҮТ-ын төлөөлөгч К.Накамүра “Монгол Улсыг сонирхох шалтгаан” сэдвээр эдийн засгийн өсөлтийн боломж, байгалийн баялаг, стратегийн байршлын давуу талыг танилцуулав. Японы Санхүүгийн зохицуулах хорооны ахлах зөвлөх С.Ито Японы гадаад хөрөнгө оруулалтын бодлогын чиг хандлага, Монголын зах зээлд сонирхол татах хүчин зүйлсийн талаар илтгэл тавьжээ.


Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаадын банкыг Монголд нэвтрүүлэх эрх зүйн шинэчлэл, мөнгөний бодлогын өөрчлөлтийн талаар мэдээлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах шинэ үйл ажиллагааг онцолж, Японы хөрөнгө оруулагчдад нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Их хотын асуудал ба технологийн шийдэл” хотын дэд бүтцийн шинэчлэл, төсөл, хөтөлбөрийг танилцуулж, хамтран ажиллахыг санал болгосон юм. Түүнчлэн, Япон, Монголын бизнесийн хамтын ажиллагаанд тулгардаг соёлын ялгаа, анхаарах асуудлыг Япон, Монголын Эдийн засгийн нөхөрлөлийн нийгэмлэгийн тэргүүн К.Фүжимото хөндлөө. 


Форумын төгсгөлд ХХБ, Mynavi Bridge корпорац хооронд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан хоёр улсын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд энэ форумын ач холбогдлыг онцолжээ. 

Связанные новости