ГОВЬ-АЛТАЙ: Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд 800 сая төгрөгийн дэмжлэгт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-28 17:55:19

Есөнбулаг 2025 оны 11 дүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын 80 албан хаагч орон сууцны 800 сая төгрөгийн дэмжлэгт хамрагдаж, 11 дүгээр сарын 28-нд батламжаа гардан авлаа. 


Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөр, “Төрийн албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй билээ. Энэхүү хөтөлбөрийг хүрээнд Эрүүл мэндийн салбарын 80 албан хаагчдад орон сууцны дэмжлэг тус бүр 10 сая төгрөг, нийт 800 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олголоо. 


Алслагдсан, амьжиргааны өртөг өндөр бүс нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад төрөөс үзүүлж буй энэхүү бодит дэмжлэг нь тэдний тогтвортой ажиллах нөхцөлийг сайжруулах чухал хөрөнгө оруулалт болж байгаа талаар дэмжлэгт хамрагдсан албан хаагчид хэлж байлаа. 


Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат эрүүл мэндийн салбарт олон жил үнэнч, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, ажилд нь өндрөөс өндөр амжилт хүссэн юм.

Связанные новости