ГОВЬ-АЛТАЙ: Баруун бүсийн аймгуудын усны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын сав газрууд болон байгаль орчны газруудын “Усны нөөцийн хамгаалал, зүй зохистой ашиглалтад талуудын оролцоог хангах” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Алтай хотод болж байна.
Баруун бүс нутгийн хэмжээнд цэнгэг усны нөөцийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үр дүнгийн талаар зөвлөлдөх зорилготой аж.
Уулзалт хэлэлцүүлгээр 2026 оны ажлын төлөвлөгөөг боловсруулахаар сав газрын байгууллагууд болон Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын дарга, усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.
Уулзалтаар “Усны нөөцийн зүй зохистой ашиглалт ба санхүүжилтийн механизм”, “Усны нөөцийн хамгаалал, хэрэгжүүлэх арга зам” сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлыг тодорхойлон шийдэлд хүрэх юм.
Уулзалтыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл нээж, усны нөөцийн хамгаалал, ашиглалтын бодлогыг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангахын ач холбогдол, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.
Ulaanbaatar