Үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад өнгөрсөн долоо хоногт айлчлахдаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын ерөнхийлөгч А.Танакатай уулзлаа.
ГХЯ-ны
мэдээлснээр, Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн
албан ёсны тусламж Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн
засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцолжээ. Үүнд Японы Олон улсын хамтын
ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас ул суурьтай судалгаанд суурилсан, үр
өгөөжтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал
илэрхийлэв.
Тэрээр Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны
тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж, “Чингис хаан” олон улсын
нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгх төсөл”, “Инженер, технологийн дээд боловсролыг
дэмжих төсөл”, түүнчлэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг
хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл” -ийн үргэлжлүүлэх нь Монгол Улсын
боловсрол, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чухлыг тодотгоод, хамтран ажиллахыг хүслээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй
хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж, бүтээн
байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт Япон Улсаас хөрөнгө оруулалт татах, сайн
туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахын төлөө байгааг хэлжээ.

Уулзалтаар талууд Монгол Улсын дэд бүтцийн чадавхыг
сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжин туршлага
солилцоход үр өгөөжтэй төсөл,
хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав.
Мөн хүнсний бүтээгдэхүүн, газрын тос хадгалах агуулах барих
зэргээр онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, байгалийн гамшиг, газар
хөдлөлтийн тэсвэрлэлтийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт санал
нэгдэв.
Япон Улсын Засгийн газраас 1977-2024 онд манай улсад 362.4
тэрбум иенийн зээл, тусламжийг үзүүлсэн байна.
ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар 1997 онд байгуулагджээ.
Ulaanbaatar