Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-01 12:34:31

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” БНХАУ-ын Бээжин хотноо 11 дүгээр сарын 28-нд боллоо.


ХХААХҮЯ-ны мэдээлснээр, хоёр улсын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд, худалдаа, хүнсний аюулгүй байдал, экспортын зохицуулалтын талаар хэлэлцжээ. Мөн хоёр улсын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, экспортын нөхцөлийг хөнгөн шуурхай болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.


БНХАУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь Монголын махны салбар өсөн хөгжих таатай нөхцөл бүрдэж байна.


Талууд экспортын цар хүрээг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүний төрөл нэвтрүүлэх, махны эрүүл ахуйн баталгаажуулалтыг олон улсын түвшинд ойртуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв. Хоёр талын зохицуулалтын орчныг уялдуулах, мэдээллийн солилцоог сайжруулах, гоц халдварт өвчний хяналтын хамтарсан ажиллагааг үр дүнтэй болгох боломжийн талаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, талууд мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортын нотолгоо, хяналтын процессыг илүү ил тод, шуурхай болгох шаардлагатайг онцоллоо.


Семинарын үр дүнд Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдаа, хүнсний аюулгүй байдал, хяналтын тогтолцоо, экспортын баталгаажуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ойлголцолд хүрч, хувийн хэвшил болон төрийн байгууллагын түвшинд шинэ боломжийг нээв. Махны үйлдвэрлэл, экспортын салбарт тулгамдаж буй сорилтыг даван туулах, хоёр улсын зах зээлд харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж оролцогчид дүгнэв. Ингэснээр “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” нь хоёр орны худалдаа, хүнсний сүлжээнд бодит хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж, цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болж байна.


Тус үйл ажиллагааг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотноо суугаа Элчин сайдын яам, Монголын Махны Холбоо ТББ хамтран зохион байгуулжээ.

 

Связанные новости