Киргизийн Ерөнхийлөгчийг дэмжигчид сонгуульд ялж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-01 13:52:14

БИШКЕК, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /Reuters/. Ням гарагт болсон Киргизийн Жогорку Кенешийн (парламент) ээлжит бус сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Садыр Жапаровыг дэмжигчид ялж байгаа тухай Reuters агентлаг урьдчилсан дүнгээс эш татан мэдээлжээ. Гэхдээ хэдэн суудал авсан талаар мэдээлээгүй байна.


Орон нутгийн цагаар 19:00 цаг гэхэд сонгуулийн ирц 34 гаруй хувьтай байсан тухай Киргизийн "Кактус" хэвлэл мэдээлжээ. Урьдчилсан дүнгээс үзвэл “Жапаровын талынхан хэд хэдэн суудлыг эс тооцвол бараг бүх суудлыг аваад байна” гэж  Reuters агентлаг Киргизийн Сонгуулийн төв хорооны мэдээллийг эш татан дамжууллаа. Парламентын 90 суудлын 50-ыг нь өмнөх гишүүд авах магадлалтай байна гэж 24.kg мэдээний цахим хуудсанд мэдээлсэн байна. 


Нэр дэвшигчдийн дийлэнх нь бие даан нэр дэвшсэн бол Киргизийн хэвлэлүүдээр нийтлэгдсэн депутатуудын жагсаалтад тэдний зөвхөн бүтэн нэрийг л дурджээ. 


Киргизийн парламентын гишүүд парламентыг тараах шийдвэрийг есдүгээр сарын 25-нд гаргажээ. Үүний нэг шалтгаан нь сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах төлөвлөгөө байв. Анх төлөвлөсөнөөр сонгуулийг 2026 оны 11 дүгээр сард буюу ерөнхийлөгчийн сонгуулаас хоёр сарын өмнө явуулах ёстой байсан боловч улс төрийн хоёр үйл явдлыг ойрхон зайтай явуулах нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж болзошгүй гэж үзжээ.  


Сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаар шийдвэрлэсний өөр нэгэн шалтгаан нь Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны зургаадугаар сард баталсан сонгуулийн хуулийн өөрчлөлт байв. Өмнө нь парламентын 90 гишүүний 36 нь нэг мандаттай тойрогт, үлдсэн 54 нь намын жагсаалтаар сонгогддог байжээ. Харин одоо сонгуулийн тойргийг 30 бүсэд хуваасан бөгөөд тойрог бүрээс гурван гишүүнийг сонгох ба нэр дэвшигчдийн дор хаяж нэг нь эмэгтэй байх ёстой.


Намын жагсаалтаар сонгогддог практикийг халж байгаагаа эрх баригчид тайлбарлахдаа “улс төр дэх авлигыг таслан зогсоох, одоо хэрэгжиж буй сонгуулийн тогтолцооны дутагдлыг арилгах, сонгогдсон гишүүдэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх зорилготой" гэжээ.


Сонгуулиас долоо хоногийн өмнө Киргизийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд сөрөг хүчний зүтгэлтнүүд болон Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын дэмжигчдийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд сөрөг хүчний Социал-демократ намын гишүүд болох Темирлан Султанбеков, Эрмек Эрматов, Ерөнхийлөгч асны хүү Кадырбек Атамбаев болон бусад хүмүүс байв. 





Связанные новости