Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын үеэр хийсэн хэвлэлийн хуралд СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх оролцож мэдээлэл өгөв.
Тэрбээр Улаанбаатар хотноо 2026 онд болох Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл, хүлээж буй үр
дүн, тус хурлын олон улсын ач
холбогдлыг танилцуулж, Монгол
Улс дэлхий нийтийн цөлжилттэй тэмцэх хамтын үйлсэд идэвхтэй хувь нэмэр
оруулахад бэлэн байгааг илэрхийлсэн байна.
Хэвлэлийн хуралд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
хатагтай Ясмин Фуад, Бүгд Найрамдах Панама Улсын Байгаль орчны сайд Хуан Карлос
Наварро, Талуудын 16 дугаар бага хурлын даргалагч улсыг төлөөлөн Саудын Арабын
Хаант Улсын Байгаль орчин, хөдөө аж ахуй, усны дэд сайд Осама Факиха оролцож, цөлжилт, газрын доройтол,
уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дэлхий дахинд эрчимжиж буй энэ үед олон
улсын байгаль орчны бодлого дараах чиглэлд төвлөрч байгааг тэмдэглэжээ. Үүнд, экосистемийг сэргээх, тогтвортой газар
ашиглалт, уур амьсгалын эрсдэлийг
багасгах санхүүжилтийн шинэ механизм, усны хүртээмж ба уур амьсгалын
тэсвэртэй байдал, хувийн хэвшлийн оролцоог нэмэх хандлагыг тодотгосон байна. Эдгээр чиг хандлага нь
цөлжилтөөс сэргийлэх, экосистемийн доройтлыг багасгах, биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн хүчин
чармайлтын салшгүй хэсэг болж буйг онцолсныг
БОУАӨЯ мэдээлэв.
Оролцогчид Конвенцын мандатын хүрээнд олон талт хамтын
ажиллагааг эрчимжүүлэх шаардлага, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, ирээдүйн тогтвортой хөгжил, дэлхийн экологийн тэнцвэрийг
хадгалах зорилтуудын талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Ulaanbaatar