ОРХОН: Ирэх оны төсвийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн 2026 оны төсвийн төслийг ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Санал хураалтад 36 төлөөлөгч оролцож, төлөөлөгчдийн 92 хувь нь төсвийн төслийг дэмжлээ.
Төсвийн төслийг боловсруулахдаа “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль, “Төсвийн тухай” хууль болон Сангийн яамнаас ирүүлсэн “2026 оны төсвийн төсөл бэлтгэх удирдамж”-ийг үндэслэн аймгийн хөгжлийн зорилт, хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан төлөвлөлтийг хийсэн тухай аймгийн Засаг дарга төсвийн талаарх илтгэлийн эхэнд танилцуулсан.
Аймгийн төсвийн орлого 395,6 тэрбум, төсвийн урсгал зардал 49,0 тэрбум, хөрөнгийн зардал 223,3 тэрбум, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн зээлийн эргэн төлөлт 2,7 тэрбум, улсын төсөвт төвлөрүүлэх орлого 92,6 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Ирэх онд нийт 223.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.



Ulaanbaatar