ОРХОН: Бүх шатны боловсролын байгууллагын хэмжээнд нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-28 10:01:11

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс 11 дүгээр сарын 27-нд хуралдаж, томуугийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ. 


Орхон аймагт томуугийн халдвар улирал хоорондын идэвхжлийн түвшинд байна. 


БОЭТ-ийн Хүүхдийн тасагт 111 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүртэлх насны хүүхэд 78 хувийг эзэлж байна.


Нөхцөл байдалтай уялдуулан нэмэлтээр 125 ор дэлгэж, хүүхдийн хүлээн авахад 16:00-24:00 цаг хүртэл эмч, сувилагч нэмэлтээр гарган ажиллуулах зохион байгуулалтад шилжээд байна. 


Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан

-бүх шатны боловсролын байгууллагын хэмжээнд урлаг, соёлын нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх. -товлосон байсан “Сурагч лиг” зэрэг тэмцээн, уралдааныг хойшлуулах,

-он гараад зохион байгуулдаг “Иргэдийн уулзалт”-ын цаг хугацааг албан даалгавартай уялдуулан хойшлуулах, 

-холбогдох байгууллагууд сургууль, цэцэрлэгүүдийн анги, танхим, томоохон зах худалдааны төвийг ариутгах ажлыг зохион байгуулах, 

-иргэдийг олон нийтийн газар амны хаалттай үйлчлүүлэх уриалга дэвшүүлэх, 

-5 хүртэлх насны хүүхэд нь өвчилсөн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох, 

-томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой Боловсролын сайдын 05 тоот албан даалгаврын хэрэгжилтийг ханган, долоо хоног бүр илтгэх хуудсаар танилцуулж, мэдээлэх зэрэг үүрэг чиглэлийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа. 


Мөн өнгөрсөн хавар Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажилласан онцгой байдлын 10 алба хаагчид тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал олгох санхүүжилтийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн. 


2025 оны 7 дугаар сарын 4-нд хуралдсан аймгийн Онцгой комиссын III хурлаар түймэрт ажилласан алба хаагчдад дэмжлэг үзүүлэх,  шаардлагатай техник, хэрэгслийн судалгааг гаргаж танилцуулахыг Онцгой байдлын газарт үүрэг болгоод байсан юм.


Связанные новости