УИХ-ын Төсвийн байнгын хороог Н.Наранбаатар ахална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7
дахь хэсэгт "Байнгын хорооны даргыг сонгохдоо УИХ-д сонгогдон ажилласан
хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд
түүнийг улируулан сонгож болно" гэж заасан аж. Энэ дагуу Төсвийн байнгын
хорооны даргад УИХ-д сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур
чадварыг харгалзан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь 1974 онд төрсөн, эхнэр
хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн I дунд
сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон улсын
их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй. Тэрбээр
1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд
мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009
онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, 2011-2015 онд "Билэгт говь"
ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020
оноос эхлэн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр
сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон
71 гишүүний 62 хувь нь дэмжив.
Ulaanbaatar