Евразийн шилжилтийн нөхцөл байдал Монгол Улсад боломж, эрсдэлийг дагуулж байгааг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид, ахмад дипломатчдын дуу хоолойг сонсох, тэдний хийсэн судалгаанд үндэслэж бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд ашиглахыг чухалчилж буй.
Энэ хүрээнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Евразийн стратеги судлалын хүрээлэн, Монголын МГИМО төгсөгчдийн холбоо хамтран "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Бага хурлын үеэр оролцогчид Евразийн бүс нутаг дахь Монгол Улсын орон зай, ирээдүйн төлвийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээс Евразийн бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал, төрийн бодлогод тусгах асуудлуудын талаар тодрууллаа. Тэрбээр, “Евразийн бүс нутагт дэлхийн нийт хүн амын 70 орчим хувь нь аж төрж, нийт эдийн засгийн 65 орчим хувь нь энэ бүс нутгаас хамааралтай байна. Эдгээр тоон үзүүлэлтээс үзэхэд, тус бүс нутаг өнөө цагт бидэнд шинэ боломжуудыг төрүүлж байгаа шигээ сорилт, эрсдэлүүдийг бий болгож байна.
Өөрөөр хэлбэл, Евразийн бүс нутаг нь дэлхийн геополитик болоод эдийн засгийн гол зангилаа бүс нутаг болоод байна. Тиймээс Монгол Улс наашилж яваа боломж болоод эрсдэлт хүчин зүйлүүдэд тооцоо судалгаатай байж, асуудалд шинжлэх ухаанчаар хандан, илүү ухаалаг бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Тиймд Монгол Улс аюулгүй байдал, эдийн засгийн асуудлуудад бүс нутгийнхаа хэмжээнд идэвхтэй тоглогч байх хэрэгтэй байна” хэмээв.

Евразийн стратеги судлалын
хүрээлэнгийн захирал, доктор Ц.Буянцогтоо Еврази дахь манай улсын байр суурь, хамтын ажиллагааны чиг хандлага тал дээр дараах байр суурьтай байна. Тэрбээр, “Дэлхийн дэг журам өнөөдөр өөрчлөгдөж,
шилжилтийн үйл явц өрнөж байна. Тэрхүү геополитикийн өөрчлөлт нь үндсэндээ
Евроазийн тавцанд болж байна. Монгол Улс нь Евразийн улс. Тэгэхээр бидний хувь заяа Евроазийн хүчний тэнцвэрээс шууд хамааралтай гэсэн үг.
Хамгийн түрүүнд бид Евразийн бүс нутагт болж байгаа их гүрнүүд хоорондын үйл явцыг маш сайн ойлгож, үнэлж дүгнэдэг байх ёстой. Түүнээс гадна хоёр хөрштэйгөө харилцах харилцаандаа анхаарч, ардчилсан улсын хувьд гуравдагч хөршийн бодлогоо бодитоор нь хэрэгжүүлж байх нь ихээхэн чухал юм” гэж ярилаа.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр энэ үеэр “Евразийн аюулгүй байдал гэдэг өдгөө цагт олон улсын харилцаанд маш чухал асуудал болон тавигдаж байгаа"-г онцлов. Тэрбээр цааш ярихдаа, "Евроази нь Европ Ази тивийг хамарсан асар өргөн уудам газар нутаг. Үүн дээр 50 их наяд ам.долларын тухай асуудал яригдана. Өнөөгийн дэлхийн нийтээр анхаарч буй ийм нарийн төвөгтэй энэ үйл явцын солбилцол дээр дахин давтагдашгүй геополитикийн байршилтай Монгол Улс оршиж байна.
Энэ үүднээс авч үзвэл, манай улс Евразийн үйл явцад идэвхтэй оролцох ёстой. Тухайлбал, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 багц бараа бүтээгдэхүүнийг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх хэлэлцээрийг УИХ ойрын үед соёрхон батлах гэж байна. Түүний зэрэгцээ манай улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах асуудлыг талууд харилцан тохирсон. Энэ нь манай улсын геополитикийн ач холбогдлыг өргөж байна. Товчдоо бол, манай улс дотоодын нөөц бололцоо болоод шинээр бүрэлдэн бий болж буй боломж, гарцуудыг бүрэн дүүрэн ашиглах нь ихээхэн чухал" гэлээ.



“Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал энэ оны нэгдүгээр сарын 29-нд Төрийн ордонд болсон юм. Тус хурлын үргэлжлэл болгож "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр ийнхүү зохион байгууллаа.
Связанные новости
Ulaanbaatar