Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.
НЗДТГ-ын мэдээлснээр, 2026 онд нийслэлийн төсөвт 4.625.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Төсвийн суурь орлогыг 3.495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2.616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Нийслэлийн урсгал зардлыг 1.517.3 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааг 2.007.4 тэрбум төгрөгөөр, дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 13.8 тэрбум төгрөгөөр баталсан байна.
Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталж, 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулна. Үүнд, 12 байршилд 50.4 км авто зам, замын байгууламж шинээр барьж, 33.8 км авто замыг шинэчилнэ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км замын гэрэлтүүлэг хийнэ.
Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг нэмэгдүүлэхээр 2026 онд 477 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 29 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 2026 онд 12 байршилд 15.1 км урт зам талбайн борооны ус зайлуулах шугам угсрахад 12.6 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр барих дэд станцын ажилд 2.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр болжээ.
Түүнчлэн Орон
нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн гудамж талбайн
камержуулалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх,
үерийн хамгаалалтын суваг шуудуу хийх зэрэг төсөл хөтөлбөрт зарцуулах ажээ.
Связанные новости
Ulaanbaatar