ӨМНӨГОВЬ: Төрийн архивт анх удаа хувийн хөмрөг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-13 22:24:11

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/Даланзадгад сумын шилдэг гэрэл зурагчид болох Ж.Амартүвшин, Д.Адъяа, А.Азжаргал нарын говийн байгаль, түүх, соёлын үнэт өвийг хадгалсан 10 мянга гаруй гэрэл зургийг төрийн архивт авах ёслолыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

 

Ингэснээр аймгийн түүхэн хөгжлийн баримтат өвийг стандартын дагуу хадгалж хамгаалан, хойч үедээ уламжлуулах, мөн ирээдүйд тухайн үеийн нийгэм, соёл, бүтээн байгуулалтын хөгжлийг баримтаар судлах боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

Өмнөговь аймгийн Төрийн архивын тасгийн дарга Ө.Учрал:


-Төрийн архивыг хувь уран бүтээлчийн архиваар арвижуулах ажил анх удаа орон нутагт журам дүрмийн дагуу зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна. Монгол Улсын архивын тухай хуулийн 10.6.11-д төрийн архивыг хувийн хөрөнгөөр нөхөн баяжуулах нь үндсэн эх үүсвэрт орж явдаг. Мөн журмын дагуу зөвхөн цаасан засвартай баримтаар нөхөн бүрдүүлэхээс гадна гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэг гэсэн баримтаар нөхөн бүрдүүлдэг.

Энэ дагуу орон нутгийнхаа шилдэг гэрэл зурагчид болох А.Амартүвшин, Д.Адьяа, Б.Азжаргал нарын хувь хөмрөгийг төрийн архивт хүлээн авч байна. Өмнөговь аймгийн төрийн архив өмнө нь 2 мянга орчим хувийн архивын баримттай байсан. Ингээд энэ гурван зурагчны 10 мянга орчим гэрэл зургаар сан хөмрөг арвижиж байгаад баяртай байна.  

 

Гэрэл зурагчин Д.Адъяа:

-Би 2013 оноос хойш гэрэл зураг сонирхон судалж, энэ урлагаар хичээллэж байна. Миний зураг ихэвчлэн байгаль, зэрлэг ан амьтан ялангуяа жигүүртэн шувуудын зургуудаар баялаг. Мөн 2018 оноос хойших Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын зургууд их бий. Өнөөдөр төрийн архиваас санаачлан зохион байгуулсан ажилд оролцож, өөрийн бүтээлээ сан хөмрөгт өгч байгаадаа баяртай байна. Өөрийн 400 гаруй бүтээлийг төрийн архивт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Анх гэрэл зурагчин Х.Түмэндэлгэрийн шавь болж гэрэл зургийг машид сонирхон өнөөдрийг хүртэл хичээн суралцаж байна. Аймгийнхаа баримтат өвийг баяжуулах үйлсэд хувь нэмэр оруулсандаа бахархалтай байна. 

 

Связанные новости