БАЯНХОНГОР: "Дулаалгын аян" нөлөөллийн ажлыг цар хүрээтэй зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн төв болон сумдад дулаан үйлдвэрлэдэг 30 гаруй ААН-ийн эзэд, холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
Аймгийн нийт хэрэглээ 60мВт-д хүрсэн, аймагт барьж буй Дулааны станц ашиглалтад орсон ч хэрэглээндээ бүрэн хүрэхгүй тул аймаг цаашид хэрхэх талаар энэ салбарынхан зөвлөлдөж, утааг бууруулахын тулд хэрхэх талаараа төлөвлөгөө гаргаж, ажил хэрэг болгох нь чухал байгааг уулзалтын эхэнд аймгийн удирдлага онцолсон. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид утааг бууруулах асуудлаар байр сууриа илэрхийлэн, тулгарч буй бэрхшээлээ нээлттэй ярьж, аймгийн удирдлагын утааг бууруулах санаачилгыг дэмжиж, бодит үр дүнтэй шийдлийг дэмжиж хамтран ажиллана гэдгээ мөн үеэр илэрхийлсэн юм.
Утааг бууруулах ажлын хүрээнд БНХАУ болон Дорноговь зэрэг аймагт ашиглагдаж буй дулаан үйлдвэрлэгч нарын сайн жишээ, үйлдвэрлэлтэй дулаан үйлдвэрлэгчид танилцах, нарны эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тусгай төслүүд хэрэгжүүлэх, дулаан алдагдлыг бууруулах "Дулаалгын аян" зэрэг нөлөөллийн ажлыг цар хүрээтэй зохион байгуулахаар тогтов. Мөн Дөвөнтийн нүүрсийг ирэх хавар туршилтаар бүх дулаан үйлдвэрлэгч нар үйлдвэрлэлдээ нэг сарын хугацаанд туршиж үзэх, нүүрсээ бүрэн шаталтад оруулахад шинэ технологи нэвтрүүлэх буюу яндангийн тоог цөөлөхөд чиглэж ажиллахаар болсон байна.
Аймгийн төвийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хороолол, 30 орчим хувийг уурын зуух, үлдсэн хувь нь авто машинаас гарч буйг 2024 оны агаарын бохирдлын судалгаагаар тогтоосон. Баянхонгор аймагт барьж байсан дулааны станц 47 хувийн гүйцэтгэлтэй зогссон бөгөөд тус төслийг 10 аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй Солонгосын компани дампуурснаас үүдэн төсөл зогсоод байгаа юм. Төслийг улсын төсвөөр ирэх хавраас үргэлжлүүлэхээр сонгон шалгаруулалтын ажлыг зарлахаар төлөвлөжээ.
Ulaanbaatar