ХОВД: Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг онцоллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-17 14:10:30

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Намын хорооны гишүүн Ма Тяньюй тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт зочиллоо.

Тэд энэ сарын 16-нд Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, холбогдох албаны төлөөллүүдтэй уулзлаа.

Талууд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, газар тариалан, худалдааны салбарт түлхүү хамтран ажиллах санал илэрхийлжээ. Мөн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр талаас хамтран ажиллах шаардлага байгааг онцлон тэмдэглэв.

Үүнээс гадна боомтын шинэ гарц байгуулах бодлого, энэ хүрээнд хэрэгжүүлж буй ажил, хоёр талын хүлээх үүрэг, цаашдын хөгжлийн талаар ярилцсан байна.

Уулзалтын төгсгөлд хоёр аймгийн зарим компани хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар мөн мах экспортлох чиглэлээр гэрээ байгуулсан гэж Ховд аймгийн ЗДТГ-аас өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа.  

Связанные новости