ДАРХАН-УУЛ: Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсон ч тоног төхөөрөмж, тохижилтыг хаанаас шийдэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-17 17:53:06

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 130 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагддаг. Төрийн 31 цэцэрлэгт 97 хүүхэд, үүнээс VII цэцэрлэгт хүнд хэлбэрийн 19 хүүхэд нэг ангид, бусад бүлэгт 15 хүүхэд хамрагдаж байна. Гэрийн нөхцөлд 24 хүүхэд байдаг бөгөөд VII цэцэрлэгийн багш нар гэрээр боловсрол олгох, сэргээн засах үйлчилгээг үзүүлдэг байна.


Тус цэцэрлэг нь 2013 онд байгуулагдсан бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдийн гурван бүлэг нээн ажиллуулж байсан. Тиймээс цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, тусгай хэрэгцээт хүүхдийн бие даасан цогцолбор барилга барих асуудлыг хөндөн улсын төсөвт зардлыг суулгаж 2022 онд барилгын ажлыг эхлүүлжээ.




Гэвч цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд боловсролын багц хуульд өөрчлөлт орж, тусгай хэв шинжийг хасаж, тусгай гэх тодотголтой цэцэрлэгийн нэр томьёог арилгасан нь хүндрэл учруулжээ.


Барилгын гүйцэтгэл дуусаж улсын комисс хүлээн авсан ч тусгай хэрэгцээт хүүхэд, багачуудад зориулсан тоног төхөөрөмжийг шийдвэрлэх газаргүй болсон байна. Одоо уг цэцэрлэгийн хоосон өрөө, танхимуудын цэвэрлэгээ үйлчилгээг хийж байна.




Нэгэнт барьсан барилгад үйл ажиллагаа эхлүүлэх, тусгай хэрэгцээт хүүхэд, багачуудад сургуулийн өмнөх боловсролыг олгох, зориулалтын дагуу ашиглах үүднээс орон нутгаас зарим хэрэглэгдэхүүнд дэмжлэг үзүүлж эхэллээ.


Тодруулбал, өнөөдөр Дархан сумын засаг дарга Т.Тулгаа VII цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн гүйцэтгэлтэй танилцаж, багш, ажилтнуудад зориулсан сургалтын танхимд ашиглах ухаалаг дэлгэц, 37 сандал хүлээлгэн өглөө. Ингэснээр багш ажлын байранд хөгжих, дэлгэц ашиглан хөтөлбөрөө боловсруулж бэлтгэхэд ихээхэн дэмжлэг үзүүллээ гэж цэцэрлэгийн хамт олон талархал илэрхийлэв.




Цаашид зориулалтын дагуу эхэлсэн ч хуульд өөрчлөлт орсонтой холбоотой төрөөс төсөв гаргаж тоног төхөөрөмж шийдвэрлэх боломжгүй бөгөөд иргэн, ААНБ-ууд дэмжлэг үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах боломжтой юм.


VII цэцэрлэгийн өргөтөл нь улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд усан засал, хэл засал, хөдөлмөр засал, сэтгэл засал, гэрлэн засал, спорт засал, хэмнэл засал зэрэг бүх төрлийн заслын үйлчилгээг хийх зориулалттай өрөө, танхимтай юм.




Тус цэцэрлэг ашиглалтад орсон тохиолдолд аймгийн хэмжээнд буй цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой. Гэхдээ тэгш хамран сургах боловсролын бодлого хэрэгжүүлэлтийн хүрээнд хөнгөн хэлбэрийн хүүхдүүд бусад төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдана гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч онцоллоо.


Гурван жилийн өмнөөс тус цэцэрлэгийн хамт олон Улаанбаатар хотод багш, ажилтнуудаа бэлтгэх, чадавхжуулах сургалтад оролцуулах, тусгай хэрэгцээт хүүхдийн бүх төрлийн засал хийх хөтөлбөрт хамруулсан байна.




Өргөтгөлийн барилгад үйл ажиллагаа явуулж эхлэхэд тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшсэн 41 хүн ажиллахаар төлөвлөж байгаа бол үүнээс 19 багшийг бэлтгэжээ. Үлдсэн орон тоонд сонгон шалгаруулалт зарлах бөгөөд энгийн цэцэрлэгтэй адил шууд ирээд багшлах боломжгүй заавал мэргэжсэн, бэлтгэгдсэн боловсон хүчин шаардлагатай гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч О.Энхжаргал тодотгож байна.

Связанные новости