Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Булган аймагт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, доктор Т.Мэндсайхан өнөөдөр Булган аймагт ажиллаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсгийн албан томилолт Сэлэнгэ аймгаас эхэлсэн. Ажлын хэсэг өчигдөр Дархан-Уул, Орхон аймгийн шүүхэд ажилласан. Одоо Булган аймагт ажиллаж байна. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сум дундын захиргааны хэргийн анхан шатны шүүх тус бүр гурван шүүгчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр сарын байдлаар 576 хэрэг хүлээн авснаас хялбаршуулсан журмаар 262, шүүх хуралдаанаар 314 хэргийг шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 57 хэрэг байгааг танилцууллаа. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч 406 өргөдөл хүлээн авснаас 224 хэргийн зуучлал амжилттай хийжээ. Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 118 хэрэг хүлээн авч шийдвэрлэжээ. Сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүх 21 хэрэг шийдвэрлэсэн гэдэг танилцуулгыг Тамгын газрын дарга танилцуулсан юм. Иргэдийн төлөөлөгчөөр 41 хүн шүүх хуралдаанд оролцсон ч тэдэнд замын зардлыг улсаас өгдөггүй. Аймгийн төвөөс 260 гаруй км хол сумаас ирдэг хүмүүс замын зардлаа өөрсдөө гаргаж шүүх хуралдаанд оролцоход хүндрэлтэй. Тиймээс шүүх дотооддоо зохицуулж зардлыг нь өгдөг. Цаашид ч энэ хэвээр байвал хүндрэлтэй байна гэлээ. Иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар сонгодог. Сонгогдсон иргэдээс зарим хүн бичиг үсэг мэдэхгүй явдал гарсан нь анхаарал татаж байлаа.
Булган аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дотоод зохион байгуулалт сайн байна гэдэг дүгнэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өглөө. Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 14 хоног тутамд дотоод сургалт зохион байгуулдаг нь сайшаалтай. Үүнээс гадна Булган аймгийн шүүх иргэд, олон нийт рүү чиглэсэн багагүй ажил зохион байгуулжээ. Шүүхийн хамт олон 16600 иргэнтэй уулзаж шүүхийн шинэтгэл, үйлчилгээний талаар танилцуулснаар тус шүүхийн вэб сайт хандалт ихтэй, мэдээлэл сайтай байна. Энэ жил 650 гаруй мэдээлэл сайтдаа оруулсан бөгөөд өдөрт 200-300 хүн тогтмол ханддаг болжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан томилолт Булган аймгийн иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилнэ.
Ж.Батсайхан