Гавьяат тамирчин Т.Батчимэг "Хан Хэнтийн алдартан" болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-13 10:14:53

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Шатрын Эрэгтэй Олон улсын Mастер, Эмэгтэй Их Мастер, Дэлхийн шатрын холбооны шүүгч T.Батчимэгийг "Хан Хэнтийн алдартан" цол тэмдгээр шагнаж, аймгийн ИТХ хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр УИХ-ын даргын ивээл дор Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, шинэ Ардчилсан Үндсэн хууль баталсан АИХ-ын Депутатуудад хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд  зохион байгуулсан Шатар сонирхогчдын 2017 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр уугуул нутагтаа зочилсон юм. 

Шатрын спортоор 24 жил хичээллэж буй Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, “Мончесс” клубын тамирчин Т.Батчимэг нь 1993 – 2003 онд нийслэлийн арван жилийн 93 дугаар дунд сургууль, 2004 –2008 онд АНУ-ын Леней коллеж, Балтимор дахь Мериландын их сургууль, Сан-Францискогийн коллежид тус тус биотехнологийн чиглэлээр суралцсан.

2010-2013 онд ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороонд дэслэгч цолтой тамирчнаар,  2013 оны 2 дугаар сараас ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ багт тамирчнаар, 2015 оны 11 дүгээр сараас ШШГЕГ-ын “Сүлд”  спорт хороо, 441- р ангид хошууч цолтой тамирчнаар тус тус ажиллаж байна.

Түүний гаргасан амжилтаас товч дурдвал:

-“GM - Grand Master” буюу (Эрэгтэйчүүдийн ангилалд Их мастер) цолны нормыг биелүүлсэн анхны Монгол эмэгтэй шатарчин, 

-Дэлхийн аварга шатарчныг чансаагаар дэлхийн №1 байх үед нь хожсон анхны Монгол хүн

-2013-2014 оны Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын “Гран-При” цуврал тэмцээний оролцогч, 

-Дэлхийн шатрын олимпиадад 4 удаа эх орноо төлөөлөн амжилттай оролцсон

-Оюутны багийн дэлхийн аварга, 

-Монгол Улсын хошой аварга, 

-Монгол Улсын түргэн тоглолтын 4 удаагийн аварга, 

-Монгол Улсын оюутны 3 удаагийн аварга, 

-Өсвөрийн УАШТ-ий 5 удаагийн аварга

-2016 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг хүртсэн юм.

Д.Одонтунгалаг

Связанные новости