Зөвшөөрөлгүй ТҮЦ, контейнер, павильоныг нүүлгэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Газрын албанаас зөвшөөрөлгүй байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй нийт 757 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-д зөрчлөө арилгах тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол албадан нүүлгэхээ мэдэгдсэн байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/, гараж, контейнер, павильон зэрэг зөөврийн байгууламжууд, авто зам болон явган хүний зам хааж байрлуулсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламжууд, дур мэдэн сунгасан хашааг буулгаж, өнөөдрөөс газрыг нь чөлөөлж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 түргэн үйлчилгээний цэг байгаагаас 757 нь албан ёсны зөвшөөрөлгүй юм байна. Энэ сарын 13-ны байдлаар нийт 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас хүргэжээ. Эхний удаа зөвшөөрөлгүй 23 түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн газрыг чөлөөлсөн байна.
Ж.Батсайхан