Эмэгтэйчүүдийн футзалын УАШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ өчигдөр эхэллээ.
Уламжлалт тус тэмцээнд “Арвис”, “Монголын тэмүүлэл”, “ХАД”, “Хоромхон”, Хан-Уул дүүрэг, “Дэрэн”, “Соёмбын барсууд”, “Эрчим” гэсэн шилдэг найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
Энэ өдөр “А” хэсгийн “Хоромхон”, “Монголын тэмүүлэл” клубуудын тоглолтод Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл”-ийн охид 9:2 гэсэн оноогоор илүүрхэн хожсон. Харин энэ хэсгийн “ХАД” болон Хан-Уул дүүргийн багуудын тоглолтыг “ХАД” клубын тамирчин Ө.Ганцэцэгийн 17 дахь минутад оруулсан гоолоор тэргүүлсэн. Харин “ХАД” клубын Э.Гантунгалаг 19 дэх минутад өөрийн хаалганд авто гоол оруулж тоог тэнцүүлсэн юм.
Үндсэн цаг дуусахаас ганцхан минутын өмнө охидын 14 хүртэлх насны охидын шигшээ багийн тоглогч О.Сарангарав гоол оруулснаар Хан-Уул дүүрэг баг эхний хожлоо авч гурван оноотой болов.
Д.Өлзий