Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-29 11:33:02

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд энэ сарын 28-наас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга төв, орон нутгийн анги, байгууллагуудын удирдлагуудад хэд хэдэн үүрэг өгчээ.

Тухайлбал, баяр, амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилох, үүрэг гүйцэтгэхэд байнгын бэлэн байдалд байх, цас орж, хүчтэй салхи шуурга болж болзошгүй тул иргэд, малчдад сэрэмжлүүлэг хүргэхийг үүрэг болгожээ.

Мөн зам, даваа цасанд хаагдсан тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг орон нутгийн Авто тээврийн болон Замын цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах, эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг үүрэгджээ. Өндөржүүлсэн бэлэн байдал ирэх оны нэгдүгээр сарын 02-ны 09.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ч.Ариунболд

Связанные новости